Монголын Хөлбөмбөгийн Холбооны сайтад зочлогч эрхэм таны энэ өдрийн мэндийг эрье. Тэртээ 1959 онд Монголын хөлбөмбөг гэдэг их айл тулгын галаа асаан, хөлбөмбөгийг хөгжүүлэх их үйлсэд нэгдэж буйгаа тунхаглан зарлаж байсан түүхтэй. Манай үе үеийн ахмад хөлбөмбөгчид шороон талбайд эр зоригийн гайхамшгийг бүтээн манлайлсан учраас бид тэднийхээ залгамж холбоог таслалгүй үргэлжлүүлсээр ирлээ. 1998 онд ОУХБХ-д гишүүнээр элсэн, олон мянган Монгол хөлбөмбөгчдийн хүсэл мөрөөдлийг хамтын хүчээр бүтээж, өнөөдөртэй бид золгож байна. Энэхүү он жилүүд Монголын хөлбөмбөгийн суурийг баттай тавьсан жилүүд байсныг дурдах нь зүйтэй. Жилийн тавхан сар хөлбөмбөгөөр хичээллэдэг улирлын онцлогтой, жилдээ 1-2 олон улсын тэмцээнд оролцдог, Үндэсний Лиг зургаахан багтай, 200 гаруй тамирчидтай, 10 гаруйхан мэргэжлийн дасгалжуулагчтай, тэмцээн явуулах ганцхан талбайтай манай Холбоонд 2015 оноос өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэлзсэн билээ. 2015 оноос хойш шударга дүрэм, журамтай болж, сонирхогчдын клубээс 20 гаруй мэргэжлийн клубүүд үүсэн тогтнох суурь тавигдаж, 50 гаруй баг оролцдог төрөл бүрийн эрэгтэй, эмэгтэй гадаад талбай болон футзалын лигтэй болж, ...
2023 оны эцсээр мэргэжлийн дасгалжуулагчдын тоо 351-д хүрч, тэмцээн уралдаан явуулах стандарт талбайн тоо улсын хэмжээнд 15-д хүрч, эрэгтэй, эмэгтэй, талбайн болон футзалын тэмцээнүүдэд 418 багийн 6,900 тамирчид 1,432 тоглолт зохион байгуулж, оролцож, 14,213 гоол бүртгэгдэж, 21 аймагт салбар холбоотой болж, олон улсын эмэгтэй, охидын 8 тэмцээнд 18 тоглолт, олон улсын эрэгтэй, хөвгүүдийн талбай болон футзалын 9 тэмцээнд 24 тоглолт хийж, Азидаа үлгэр болохуйц битүү дээвэртэй AIRDOME бүхий бэлтгэлийн төвийг ашиглалтад оруулж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг хэрэглэдэг болсон зэрэг олон эерэг өсөлт хөгжилтийг үзүүллээ. Бид удахгүй олон улсын түвшний VAR системийг нэвтрүүлэхээр боллоо. Анхны Лигийн шагналын сан 5.0 сая байсан бол өнөөдөр Дээд лигийн шагналын сан 1.0 тэрбум төгрөг болон 200 дахин нэмэгдэн, Клуб лицензэд тэнцсэн клубүүд 40 хүртэл сая төгрөгийн дэмжлэгийг жилдээ авч, гишүүд холбоо, клубүүдэд олгодог сар тутмын дэмжлэг 1.0 сая төгрөг болон өсөж, нийт 20 гаруй холбоод, клубүүдэд жижиг талбай хүлээлгэн өгч, клуб, холбоодоо дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна. Хийсэн ажилдаа бид сэтгэл ханах биш нэг зорилгын төлөө, үнэ цэн бүтээхийн тулд төлөвлөж, хамтарч, хөгжлийг түүчээлэхээр ажиллаж байна. Энэхүү хөгжлийн ХӨЛБӨМБӨГИЙН СОЁЛ-ыг хамтдаа бий болгохоор ажиллаж байна.
Үүнд:
Нэгдүгээрт: Хүндэтгэлийн соёл
Хоёрдугаарт: Харилцааны соёл
Гуравдугаарт: Хамтран ажиллах соёл
Дөрөвдүгээрт: Хөгжлийн соёл
Тавдугаарт: Хариуцлагын соёл
Эдгээр хөлбөмбөгийн соёлыг бий болгон, шинжлэх ухаанч хандлагаар батлагдсан стратегийн богино, дунд, урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллана. Богино хугацаандаа буюу 2028 он гэхэд 900 гаруй сургууль хөлбөмбөгийн D ангиллын багштай, охид, хөвгүүдийн хөлбөмбөгийн багтай, сум болгон хөлбөмбөгийн талбайтай, аймаг, дүүрэг болгон олон улсын тэмцээн зохион байгуулах чадамж бүхий хөлбөмбөгийн стандарт талбайтай, мөн МХБХ ил тод, шударга, зөв менежменттэй холбоо болж төлөвших зорилтыг хэрэгжүүлж байна. Дунд хугацаандаа Азийн аварга шалгаруулах өсвөр, идэрчүүд, насанд хүрэгчдийн тэмцээнд амжилтыг гаргах зорилтуудыг дэвшүүллээ. Богино, дунд хугацааны төлөвлөгөөг бид амжилттай хэрэгжүүлснээр урт хугацаандаа буюу 2050 он гэхэд Монгол Улсын Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг ДАШТ-нд оролцох шилдэг багт багтахын төлөө зорьж, тэмүүлж байна. Хөлбөмбөг нь спортын зэрэгцээ илүү том зорилгод нэгдэх, улс орон болоод хүнийхээ хөгжлийг дэлхийн түвшинд зэрэгцүүлэн авч үзэх, хүн төрөлхтний соёлтой хөл нийлүүлэн алхах зэрэг маш том цар хүрээг хамарсан асуудал болж байгаатай холбогдуулан бусад улс орнууд хөлбөмбөгийн хөгжлийг төрийн дэмжлэгтэйгээр хөгжүүлж, урагшилж байгааг энд дурдах нь зүйтэй. Тийм учраас Төр Засгийн дэмжлэгийг талархан авч, бизнесийн байгууллагуудтай хамтран ажилласнаар, Хөлбөмбөгийн соёл болоод хөгжлийг хамтын хүчээр эх орондоо нутагшуулахаар зорьж, тэмүүлж байна. Монголын хөлбөмбөгийн их гэр бүлээс Эрхэм таньд эрүүл энх байж, урт удаан наслан, Монгол улсын хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг хүсье.